Миний мөрөөдөл : Аавын алаг

Аавын алаг

Сумын наадмын өглөө ээж минь хөх эмжээртэй цэнхэр торгон цамц өмсүүлж морь унаж болохгүй, бас амьтан хүний хөлд дайруулахгүй өөрийг нь дуудтал хашаандаа байхыг сануулаад духан дээр үнсэн гаргалаа.Ахын хийж өгсөн гөрмөл суран ташуураар уурганы цээжээр хийсэн модон морио нэг сайн ороолгож өгөөд дороо эргэцэн тоглож байтал хажуу айлын цуурай Дорлигийн хүү хашааны завсраар модон мориор тоглож байгааг минь харан шоолж гарлаа.Эр хүн чинь хэзээ ийм морьтой байсан юм.Миний морийг харалдаа тэнд уяатай байна жинхэнэ морь унахыг минь одоо удахгүй хараарай гэж ирээд л сайрхаж гарлаа.Би ичиж нэрлэхсэндээ муу модон морио урамгүйхэн чирсээр гэрийнхээ үүдэнд тор хийтэл чулуудаж орхилоо.Эмээлээ өргөн гарах гэж байсан аав минь сүрхий том харснаа юм хэлэлгүй гарч одлоо.Гэрээсээ гарч Алтан овооны зүүн дэнж дээр бараантан харагдах наадамчин олныг шохоорхон удаан харж зогсонгоо дэмий л санаа алдлаа.
Морины хөлөөр хайрга шажигнах чимээнээр эргэн харвал аав минь дэлийг нь шанхлан зассан согоо шиг чихтэй хөл цагаан хүрэн алаг морин дээрээ арван хоёр чимэгтэй боржигон хийцийн мөнгөн эмээлээ тохож давхар цохилттой цул мөнгөн хазаараар хазаарлаж хударга татчихсан, ээжийн минь оёсон цагаан саарал дээлийг өмсөж саарал малгай духдуулан хулсан ташуур хөндөлдүүлчихсэн ямар сайхан харагдаж байсан гэж санана.Саяхан сэтгэл үймрүүлж байсан бодлууд аль хэдийн нисэн одож ааваараа бахархах сэтгэл хөлийн улнаас орой хүртэл мэдрэгдэж билээ.Хүрэн алаг морь минь ааваар минь бахархаж байх шиг товолзтол алхаж эр хүн хүлэг морь хоёр бие биенээ чимэх шиг тийм сайхан харагдлаа.Бүртийн зогсох намайг аав минь өрөвдсөн үү яасан хажууд ирэн бууж эмээлийнхээ урд өргөн мордууллаа.
Алаг морины ганган алхаа цээжин дундуур хөндөлдөн томрох эмээлийн бүүрэг тэргүүтэн бишрэм санагдана.Наадмын дэнж дээгүүр аав бид хоёр шиг ганган сайхан байхгүй мэт л санагдсан сан.Аав, алаг морь бид гурвын наадам шиг тийм сайхан наадам миний амьдралд өдий болтол тохиолдоогүй л юмдаа.Одоо харин аав минь их жижигхэн санагддаг болждээ. Өнчрөл зовлон баяр гунигаар дарсан тоостой он цаг дийлж эхэлсэн байна.Сайхан аавынхаа санааг чилээж явсан болохоос баярлуулсан нь ховор юм даа.Аавдаа хүү нь хайртай.
2013.05.19 Баян Хуран
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Eegii (зочин)

saihan bichleg bna

sunshine (зочин)

ta setgel zurhneesee shn bichdeg shuu..amjilt baagii ahaa..

Enzo

bayrlalaa hen bilee

sunshine (зочин)

hehe...taniig hundeldeg neg hun bdgiimaa..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)