Миний мөрөөдөл : Зүүдний наранд завилсан ах минь

Зүүдний наранд завилсан ах минь

Саарал эсгий малгай духдуулж наранд гандсан улаан хүрэн дээлээ өмсчихсөн боржигон хийцийн жижиг мөнгөн эмээл дээрээ бөхийсхийн хагас суугаад сайвар хээртэйгээ хатируулж байгаа төрх нь нүдэнд харагдана.Алдар цол дуудуулж одон медал энгэртээ гялалзуулж яваагүй ч өөрийн өрөөлийн хэдэн хүүхдүүдийн төлөө санаагаа чилээж бодлоо юүлж л явсан даа та минь.
Хөтөл тойроод улаан азаргаа хөтөлчихсөн бас ч үгүй нэрмэлд жоохон халсан ах минь хөх торгон дээлийг нь хө Хөдөөнийх нь хоршооноос худалдаад авсан юм аа хө Хөөрхөн чиг төрсөн Жинжийбадам нь ээ хө Хөхрөөд байгаа уулсынх нь альхан талд нь яваа болдоо хө........ .аргилхан хоолойгоор сэтгэлд гуниг төртөл дууллаа. Ах аа энэ их эртний дуу юу гэвэл үгүй ээ миний дүү хувьсгалын үеийн дуу шүү дээ.Ноёны хатан дурлуулаад аваад суучихсан хүний дуу даа гэснээ чи хө дэмий юм шалгаагаад байлгүй хойд энгэрт байгаа улааны минь адууг дөхүүлээдэх гэлээ.
Сунгаан дээр түрүүлэн ирсэн хээр соёолонгийн хөлсийг хусаж дуусаад ах минь магнайд нь баяр гийсэн нүдээр намайг харж дээр өргөж духан дээр үнэрлэлээ. Ах нь харин дурандаад байсан яг мөн шүү Моононгийн халтарын урд гишгэнэ гэдэг сайн байгаагийн шинж дээ.Хөөрч догдолсон ах бид 2 дээр халтар морио хөтөлсөн Моонон гуай хүрч ирэнгүүтээ урт тэнзэн ташуурын үзүүрээр занган за чи чинь хө даншигт морь түрүүлгэсэн хүн шиг хөл хөөрцөг болоод юун ч сүртэй юм билээ.Нэг муу сунгаанд морь давхиулчхаад би харин наадам дээр даагаа нэхнэ ээ хө гэж хэлээд тамхинд шарласан шүднүүдийнхээ завсраар хэлээ бултагнуулан хөхөрлөө.Ахын минь хөмсөг атирч..... тэгнэ л биз алтан тууртын минь буян заяа арай ч тасарчхаагүй л юмсан алив миний дүү мордоё хүүхдийн сэтгэлд урамгүй үг хэлээд гэлээ.Ах бид хоёрын саяхан оволзож байсан баяр алга болоод дуугүйхэн мордож гэлдэрлээ.
Өдөржин морь тосож сульдсан хонгор морь залхуутай гэгч нь сажилж ялаа шумуулнаас болж байн байн толгойгоо сэгсчиж, жин үдийн халуун нар төөнөсөн энэ өдөр ах минь их олон зүйл ярьж өгч билээ.Харин би тэр үнэтэй үгнүүдийн их цөөхнийг нь санадаг юм.Ах минь гараа занган .... хүн ер нь үгийн урам сэтгэлийн хатаар л амьдардаг юм шүү.Цохиод авсан юм шиг хоржин үг хүнд битгий хэлж байгаарай.........өчигдөр чи хө тэр усны тэргэн дээрээс хувингаар морио услаж байсан шүү.Залхуу хэнэггүй зан юунд ч хүргэхгүй.Ах нь залуудаа алдаж онож явлаа ахмад хүний үг чихний хажуугаар л өнгөрдөг байж дээ..... ахын минь зөөлөн хоолой алгуурхан бүдгэрч ядрал нойр 2 зэрэгцэж үүрэглэж эхэллээ.Гэнэтхэн дөрөө тархийн дуугарч юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал хонгор морь хуйлран эргэж харагдлаа. Дэрсний булангийн сайрт нойрмоглож унаснаа дөнгөж ухаарсан би ичсэн нэрлэхсэндээ болж түргэн босоод морины минь хойноос хөтөл давж буй ахынхаа хойноос гүйлээ.
Бууралхан орчлонгийн дайдаас арай л эрт явчихсан таньтайгаа дөрөө харшуулан алхаж бодлоо асгартал ярилцах юмсан.Цулбуурын үзүүрт тань шавхруулж нүүрээ халтартал уйлаад дараа нь зөв юм хийгээд загнуулсан юм шиг энгэрт тань наалдаж аргадуулдагсан.Ухаантай буурьтай үгнээс тань сонсож утга зүг нь олдодгүй эрээн бараан амьдралын түмэн бэрхийг тоочин гомдоллож магнайгаа нэг үнэрлүүлэхсэн дээ ах минь.
За яахав дээ миний муу ах тэнгэрийн орны нэгээхэн зайд хэдэн бүгээн адуугаа хураагаад хусан уурга суналзуулан инээмсэглэж яваа байх даа л гэж сэтгэлээ аргадая даа дүү нь. 2013.01.25 УБ
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Enzo

Bayarbold ahdaa

nuuts hadgalagch (зочин)

vneheer goy bichjee...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)