Миний мөрөөдөл : Шилийн Богд өршөө

Шилийн Богд өршөө

Самсаа бүрээдэж хөлс нь сувдарсан нарийн хээр морин дээр азарган чонын газар шүргэсэн арьс ганзгалан хэлтгий суусан хүн хөтөл хормойдон шингэж буй наран зүгээс тодрон гарч ирлээ.Аяншиж ядарсан хүрэн бор царайтай шавилхан энэ эрийн олноо түгсэн нэр нь Торой банди.Өлгийдөж авсан эцгийн оноосон нэр Нанзад.

Ард түмэн дундаа домог болон хэлэлцэгдсэн шилийн сайн эр.Тэр өсөхөөс өдий насалтал аргамаг хүлгийн зоон дээр хошуу алгасан Манжийн амбан, засаг ноёд, баячуудын адууг малыг гүйлгэж харц олноос сэмэрхий самбай авалгүй өгч, түүндээ урамшин эрийн сайн хүлгийн хурданд найдаж явахдаа алдахаасаа оносон нь их гэж бодож явдаг билээ.Гэтэл тэрээр 3 хоногийн өмнө Хүрээний захын борчуудаас өөрийнхөө талаар таагүй мэдээ сонсоноос хойш сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй байв.

Торой бандийн гүйлгэж өгсөн адуунаас болж хошуу тамгын газарт очсон хүн банз даалгүй нас нөгчсөн гэнэ.Шилийн хулгайчийн балгаар үйлээ барж буй хүмүүс цөөнгүй бололтой гэсэн яриа чихэнд нь байнга хоногшиж дахин дахин сонсогдсоор авай.Арван тавны цагдаа нарт баригдаж байцаагдан хөл гартаа дөнгө зүүлгэж, шархандаа халууран хэвтэж байхдаа миний бие ингэж зовиурлаж байсан гэжүү.Хөмхийгөө тас зуун эрүүдүүлж байхдаа ганц удаа ёо гэж дуугараагүй зориг тэвчээр минь алдрах нь уу даа.

Эргэж хургасан сэтгэлийг нь амсхийлгэх гэсэн мэт морь шилгээв.Зугуухан алхуулж Шилийн богдын архан талд асга хадгүй нүцгэн тал газар тогтсон Талын агуйн хажууд ирлээ.Агуйн аман талд булж орхисон жижиг тогоогоо гарган 3 чулуу тавьж хэт цахин хомоолоор гал асааж цай үйлээ.

Бодол нь улам алсаллаа.Балчир ахуйд нь тохиолдож асан үйл явдлууд санаанд нь буув.Ноёны сүргээс чононд алдсан ганц төлөгний төлөө давилуун хиа ядуу нагацыг нь нэвширтэл нь ташуурдаж чөдрийн ганц морийг нь хөтлөөд явчихсан тэр өдөр бяцхан оюундаа ноёдыг үзэн ядах сэтгэл дүрэлзэж байсансан.

Ядуу эх ганц нагацаа бараадан өссөн түүнийг 7 нас хүрмэгц нь хошууны жижиг Бургасан дуганы Дамиран хэмээх бүдүүн ламд эжий нь хадаг, тугалтай үнээ өргөж номын мөр хөөлгөхөөр хошуунд авчирч их л наминчлан ном сурахыг хүсэмжлээд хүүгээ үлдээгээд явжээ.

Ламын тоймгүй их зарцлалт зодуур, зүдгүүрээс залхсан тэрээр оргож босгон гэртээ ирээд ээждээ би лам болохгүй гэж сэтгэл шулуудан хэлж эх нь харин буцааж явуулсангүй билээ.

Үргэлжлэл бии



start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Ицми

зохиол болж таарлаа шүү :D

Enzo

Ажил ихтэй бага багаар оруулжийгаан хэ хэ

Enguunee (зочин)

Shiliin bogd chen Suhbaatart baidag te.Sain boljee.

choi (зочин)

shan nairuulj bn bicheed bai and

H.Ray (зочин)

Гоё зохиол эхлэж байсан юмуу даа. хурдан ахиулаарай

Сүйжин - Гэрэл байж л харанхуй байдаг

Манай хүн бас..... байнаа байна хэхэ

Л.Болор-Эрдэнэ

andiin blog nice boljee :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)